ЭХ ХЭЛ - БИЧИГ СОЁЛ МИНУ
2011-07-13
МОНГОЛ ХЭЛНИЙ ЗӨВ БИЧИХ ДҮРМҮҮД

§ 1.   Монгол бичиг 35 үсэгтэй . Эдгээр үсгийг эгшиг, гийгүүлэгч, тэмдэг гэж хуваана.

      Уушгинаас гарсан хий амны хөндийгөөр саадгүй чөлөөтэйгөөр гарч хэлэгдэх авиаг эгшиг авиа гэнэ.
       Уушгинаас гарсан хий амны хөндийгөөр гарахдаа ямар нэг саад хашилт тохиолдож хэлэгдэх авиаг гийгүүлэгч авиа гэнэ.
        Цагаан толгойн а, э, и, о, у, ө, ү, я, е, ё, ю, й, ы энэ арван гурав нь эгшиг;
б, в, г, д, ж, з, к, л, м, н, п, р, с, т, ф, х, ц, ч, ш, щ энэ хорь нь гийгүүлэгч; ъ,ь хоёр нь дуудлагагүй тул эгшиг ч биш, гийгүүлэгч ч биш зүгээр тэмдэг үсэг болно.
§ 2.  Эгшиг үсэг 13 боловч монгол хэлний эгшиг авиа 7 юм. Энэ долоон авиаг тэмдэглэх а, э, и, о, у, ө, ү үсгийг үндсэн эгшиг гэнэ. Нөгөө я, е, ё, ю, й, ы зургааг туслах эгшиг гэнэ.
§ 3.  Монгол үгийн эхний үеийн эгшиг дандаа тодорхой хэлэгдэх тул түүнийг өргөлтөт эгшиг гэдэг.
         Үгийн нэгдүгээр үеэс хойш орох богино эгшгүүд цөм тодорхойгүй хэлэгдэх тул түүнийг балархай эгшиг гэнэ.  Жишээлбэл:  Наран, жаргах гэдэг хоёр үгийн эхний эгшгүүд өргөлттэй ба сүүлийн эгшгүүд балархай юм.


§ 4. Сунгаж удаанаар хэлэх эгшгийг урт эгшиг гэнэ. Урт эгшгийг дөрвөн аргаар тэмдэглэнэ.

           а) Үндсэн эгшгийг давхарлаж аа, ээ, оо, уу, өө, үү гэж тэмдэглэнэ.

           б) Я, е, ё, ю эгшгийн дараа үндсэн эгшгийн нэгийг давхарлаж яа, яу, еэ,

               еү, еө, ёо, ёу, юу, юүгэж тэмдэглэнэ.

           в) Зөөлөрсөн гийгүүлэгчийн дараах урт эгшгийг бичихдээ зөөлний

              тэмдгийг и болгож үндсэн эгшиг нэгийг нэмж иа, ио, иу гэж 

              тэмдэглэнэ. Үндсэн эгшиг гурвыг давхарлаж бичихгүй.

           г) и эгшгийг уртаар бичихдээ эр үгийн ы, эм үгийн ий гэж ялгаж 

              тэмдэглэнэ. Эр үгийн ы эгшиг дан үсгээр тэмдэглэсэн богино эгшгийн 

               хэлбэртэй боловч урт и эгшиг юм. Эм үгийн ий хос эгшгийн хэлбэртэй

               боловч урт эгшиг юм. Жишээлбэл: Ахын, дэрний, хаврын, эгшгийн гэх

               мэт.

§ 5.  Нэг үе болж хавсран орсон хоёр өөр эгшгийг хос эгшиг гэнэ. Жишээлбэл: Айл, хойно, үхэртэй,үйлдвэр, тайл, яйрах, ёйлгор, шийгуа, аугаа гэх мэт. Монгол хэлний хос эгшгийг ай, эй, ой, уй, үй, яй, ей, юй хааяа уа, ау гэж тэмдэглэнэ. Монгол хэлэнд “өй” гэсэн хос эгшиг хэрэглэхгүй.

§ 6.  Арван гурван эгшгээс хэлний угт бүтэх а, о, у, я, ё, ю(у), ы долоог эр эгшиг гэнэ. Хэлний дунд бүтэх э, ө, ү, е, ю(ү) тавыг эм эгшиг гэнэ. Хэлний үзүүрт бүтэх и, й хоёрыг саармаг эгшиг гэнэ.

      Эр эгшиг орж бүтсэн үгийг эр үг гэнэ. Эм эгшиг орж бүтсэнүгийг эм үг гэнэ. Саармаг эгшгээр бүтсэн үгэнд залгавар залгахад эм эгшиг гардаг учир саармаг эгшгээр бүтсэн үгийг эм үгэнд тооцно. Жишээлбэл: хишиг- хишгээр, илжиг-илжигтэй, жил- жилүүд гэх мэт.

§ 7.  Үгийн эхний эгшиг, мөнхүү үгийн дараах эгшгийг ялган тогтоох ёсыг эгшигт зохицох ёс гэнэ. Эгшиг хэлний ба уруулын талаар зохицно.

       Монгол хэлний нэг үгэнд эр, эм эгшиг хамтран орохгүй. Эр эгшиг эр эгшигтэйгээ, эм эгшиг эм эгшигтэйгээ зохицож орно. Саармаг эгшиг эр, эм ямар ч эгшигтэй зохицон орно. Энэ бол эгшиг хэлний талаар зохицох ёс юм.

              Гажилт: 

   а) Хоёр үгнээс бүтсэн нэг үгэнд эр, эм эгшиг орж болно. Жишээлбэл:

       Эрдэнэбаатар, байхгүй, горьгүй.

  б) Хааяа үгийн эцсийн урт эгшиг энэ дүрмийг зөрчинө. Жишээлбэл: харжээ,  

       хайжээ, болжээ гэх мэт.

§ 8.  Эгшиг уруулын талаар зохицохдоо:

       а) Үгийн эхний үед а, у байвал хойшид а дагана. Жишээлбэл: ахтай,

           ухаантай, уучлал гэх мэт.

       б) Үгийн эхний үед э, ү, и байвал э дагана. Жишээлбэл: эрдэнэ, үзэхэд,

            жинхэнэ гэх мэт.

       в) Үгийн эхэнд о байвал хойшид о дагана. Жишээлбэл: ойлголтоор, ороход

           гэх мэт.

      г)  Үгийн эхэнд ө байвал хойшид ө дагана. Жишээлбэл: хөрөнгө,

           өмгөөлөгч,  өнхрөхөд гэх мэт.

      д)  Энэ зохицолд урт, хос, туслах эгшиг хамаарагдана. Жишээлбэл:

            Ёндон, оръё, үзье, ууртайгаар, инээдэм, уяатай, үзвэрэй гэх мэт.

               Гажилт:

      а)  уу, үү, юу, юү яу, ёу, еү, иу эгшгүүд эгшиг зохицох ёсыг зөрчиж орох

          бөгөөд хойшид дагах эгшгийг өөрийн зохицолд авна. Жишээлбэл:

          оршуулга, хөрвүүлсэн, оёулахдаа үеүдэд, хориулан гэх мэт.

      б) и, ий, ы, эй эгшгүүд эгшиг зохицох ёсыг зөрчиж орох боловч хойшид 

          дагах эгшиг нь өмнөх эгшгийн зохицлоос хамаарагдана. Жишээлбэл:

          ажиглах, хөгжилдөнө, онийсон, нөхөртэйгөө, өнтэйхөн гэх мэт.

§ 9.  ы, ий хоёрыг ялгаж бичих дүрэм:

      а)  Урт ы үсгийг эр үгэнд бичнэ. Эм үгэнд хэзээ ч бичихгүй. Жишээлбэл:

           аавын, уулын, олдворын, сарны гэх мэт.

      б) Эм үгэнд ий үсгийг бичнэ. Жишээлбэл: хүний, эрдмийг, өвлийн, шүлгийг

           гэх мэт.

      в)  ий үсгийг эр үгэнд  хааяа бичнэ. Үүнд: ж, ч, ш, ь, и хэлний г үсгээр

           төгссөн эр үгэнд хааяа бичнэ.  Жишээлбэл  туужийг, ачийн, багшийн

          айргийг, ааргийн, харь-харийн, анги-ангийн гэх мэт.

§ 10.  я, е, ё, ю дөрөв бол уг нь гийгүүлэгч эгшиг хоёр авиагаар бүтсэн бүхэл үеийг тэмдэглэх үсэг юм. Үүнийг хавсарсан үсгээр жишээ болгон үзүүлье (Гийгүүлэгчүсгийг i үсгээр тэмдэглэв).

       я -iа

       е -iэ, iа

       ё-iо

       ю-iу, iү

энэ дөрвөн үсгийг я-гийн төрлийнүсгүүд гэнэ.

§ 11.  Эр үгийн эхний үед богино и үсгийг бичихгүй,  дандаа я-гийн төрлийнүсгийг бичнэ.   Жишээлбэл: мянга, пял, янзага, ёс, хялгана гэх мэт.

§ 12. юу,  яу, ёу, еү эгшгийг ялгаж бичих нь:

       Үгэнд юу мэтээр хэлэгдэх урт эгшгийг юу, яу, ёу, еү дөрвөн янзаар бичнэ.

Үгийн үндэс нь я, е, ё үсгээр төгссөн бол түүнийг солихгүй, зөвхөн у, ү эгшиг нэмнэ. Жишээлбэл: хоёр-хоёул, хая- хаяул, оё-оёул, үе-үеүд, бие-биеүд гэх мэт.

        Үгийн үндэс нь я,е, ё үсгээр төгссөн биш бөгөөд ю хэлэгдвэл тэр ю үсгийг бичнэ. Жишээлбэл: аюул, Аюуш, оюун, гиюүрэх гэх мэт.

 § 13. я-гийн төрлийн эгшиг өмнөх эгшигтэйгээ нийлж урт эгшиг буюу хос эгшиг болдоггүй, тусгай үе хэвээр байна. Жишээлбэл:  байя, хөөе, ная, оё, бие гэх мэт.

я -гийн төрлийн эгшиг арын эгшигтэй нийлж урт ба хос эгшгийг бүтээнэ. Жишээлбэл: яарах, үеэс, аюул, оёод, оюутан, оёулах, хаяулах, саяын, гоёыг, биеийг гэх мэт.                                

Балархай эгшгийн дүрэм

§ 14. Монгол хэлэнд үгийн нэгдүгээр үеэс хойш орсон богино эгшгү үд цөм тодгүй балархай хэлэгдэнэ. Балархай эгшгийн олж бичихэд амаргүй боловч гийгүүлэгч үсгүүдийг хянаж үзвэл зарим гийгүүлэгч үсгүүд заавал эгшиг дагуулж үе бүтээдэг

байхад зарим гийгүүлэгчүсгүүд заавал эгшиг дагуулж явдаг биш байна.

Энэ байдлаас үндэслэн балархай эгшгийн дүрмийг тогтоохын тулд гийгүүлэгчүсгийг эгшигт гийгүүлэгч, заримдаг гийгүүлэгч, онцгой гийгүүлэгч гэж гурав

хуваав.

§ 15. Эгшигт гийгүүлэгч:

      м, н, г, л, б, в, р энэ долоон гийгүүлэгчүсэг үгэнд орохдоо өмнөө буюу хойноо аль тод хэлэгдэх талдаа заавал эгшигтэй бичигдэнэ. Үүнийг эгшигт гийгүүлэгч гэнэ.  Жишээлбэл: газар, тохом, цацрал, модон, хөдөлмөр, гарав, үзвэл, тасархай гэх мэт. Үүнийг цээжлэхдээ “Монгол баавар” гэнэ.

                Гажилт:                   

         а) Хэлний угийн н-ийн дараа заахын тийн ялгалын г нөхцөл эгшиггүй

             бичигдэж болно. Жишээлбэл:  байшинг, дүнг, Галсанг, хөвөнг гэх мэт.

        б) Тусгай бичигддэг л, нь хоёр эгшиггүй бичигдэнэ. Жишээлбэл:  Сайн л байна.

           Хоёр нъ үлджээ. гэх мэт.

§ 16.  д, т, ж, з, с, ш, ц, ч, х есөн гийгүүлэгч үсэг үгэнд эгшигтэй, эгшиггүй, хоёр янзаар бичигдэх тул заримдаг гийгүүлэгч гэнэ.

      Заримдаг гийгүүлэгч бол эгшигт гийгүүлэгчийн дараа өмнө хойноо эгшиггүй орж болно. Жишээлбэл: Ховд, хагд, амт, тэнд, ард, тэвш, багш, булш, зунш, дарш, эзэмш гэх мэт.

       Гажилт:

      Үйлт нэрийн ирээдүй цагийн нөхцөлийн өмнө заавал эгшиг бичдэг учир энэ дүрэмд хамаарахгүй. Жишээлбэл: өгөх, явах, олох, хамах, харах гэх мэт.

§ 17. Заримдаг гийгүүлэгч нь заримдаг гийгүүлэгчийн дараа орохдоо сүүлчийн заримдаг нь өмнөө буюу хойноо аль хэлэгдэх талдаа заавал эгшигтэй бичигдэнэ, Жишээлбэл:  модот, модтод, хожид, хождох, бусад, бусдад, эзэд, батад, ахад лацад, мөчид, хойшид, буцаж, эцэс,  ачит, анжис гэх мэт.

           Гажилт:

      Заримдаг гийгүүлэгчийн дотроос с,х үсгийн дараа т, ч үсэг өмнөхойноо эгшиггүй орж болно. Жишээлбэл: туст нөхөр, түүхт он, усч хүн, түүхч эрдэмтэн гэх мэт.

§ 18 Эгшигт гийгүүлэгчийн дараа үгийн эцэст ямар ч балархай эгшиг бичиж болно. Жишээлбэл: ямба, толбо, алба, Пагма, хурга, хөрөнгө, мөнгө, анги, тогло, ажигла, муна,  ирнэ, урва, харва, цэлмэ гэх мэт.

       Заримдаг гийгүүлэгчийи дараа үгийн эцэст и-ээс өөр  балархай эгшиг

бичихгүй. Жишээлбэл: салхи, банди, гархи гэх мэт.

Энэ дүрмийн 15,17 дугаар зүйлд дурдсан балархай эгшгийн дүрмийг мартахгүй тогтооход зориулж томьёогоор үзүү лбэл:

                               7 + 8

                                   7 + 9  - э

                                   9 + 9 + э

       Эгшигт гийгүүлэгчийг 7-гийн   тоогоор,  заримдаг гийгүүлэгчийг 9-ийн тоогоор, эгшиг үсгийг э-ээр тэмдэглэв.

§ 19.  к, ф, щ гурван үсэг монгол үгэнд бичигдэхгүй, зөвхөн гадаадын үгэнд бичигдэнэ. Жишээлбэл: коммунизм, фабрик гэх мэт.

 п үсэг монгол үгийн дунд ба адагт орохгүй, харин монгол үгийи эхэнд хааяа бичигдэнэ. Жишээлбэл: пагдгар, пүл пал, пээ  юу вэ гэх мэт.

к, ф, щ, п дөрвөн үсгийн онцгой гийгүүлэгч гэж нэрлэнэ.

§ 20.   б,в үсгийг ялгаж бичих дүрэм:

           а) б үсгийг ихэвчлэн үгийн эхэнд бичнэ. Үгийн дунд л, м, н, в үсгийн дараа

               бичнэ. Жишээлбэл: бодлого, толбо, самбар, хэн бэ?, явбал гэх мэт.

           б) в үсгийг ихэвчлэн үгийн дунд адагт бичнэ. Үгийн эхэнд хааяа цөөн үгэнд

              бичнэ.   Жишээлбэл: ваадан. сандан, ваар, хавав, харав, хөвөвч гэх мэт.

 

§ 21.   г үсгээр хоёр авиаг тэмдэглэнэ:

           а) Хүүхэн хэл идэвхтэй оролцож “га, го, гу, гы” гэж хэлэгдэх г үсгийг 

               хоолойн г гэнэ.   Хоолойн г-ийн ард а, о,у, ы  дөрвөн эгшгийн нэгийг

              бичнэ.  Жишээлбэл:   арга, аргын, бага, ботго, гудамж гэх мэт.

          б) Хэлний угаар хэлэгдэх г үсгийг хэлний г гэнэ. Х элний г ардаа эгшиггүй  

              буюу а, о, у, ы дөрвөөс өөр эгшигтэй байна. Жишээлбэл: аймаг, нутаг,

              хөрөнгө, цэнгэл, цэцэг, гүйцэтгэх гэх мэт.

      Хэлний г үсгийн ард залгавар залгахад а, о, у эгшиг орох боловч хэлний г хэвээр байна.  Жишээлбэл:  хамаг-хамгаас  тоорцог-тоорцгоор, туг-тугууд,    аймаг- аймгарх, омог- омгорхуу гэх мэт.

§ 22.  н  үсгээр хоёр авиаг тэмдэглэнэ:

            а)    Хэлний үзүүр хатуу тагнайд хүрч хэлэгдэх н авиаг хэлний үзүүр н гэнэ. 

               Хэлний үзүүрийн н хойноо эгшиг буюу ь-тэй байна. Жишээлбэл: чанар,

               үнэг, чоно, явна, нум, нөмөр, оньс, тань гэх мэт.

            б)   Хэлний үзүүр хатуу тагнайд хүрэхгүй хэлэгдэх н үсгийг хэлний угийн

               н гэнэ. Хэлний угийн н ардаа эгшиггүй байна. Жишээлбэл: ганган, онгоц,  

               сан, байшин, Лувсан, Сүрэн гэх мэт.

Зарим үгийн эцсийн хэлний үзүүрийн н авиа халх аялгуунд хэлний угийн н болж хэлэгддэг бөгөөд залгавар залгахад хэлний үзүүрийн н болох нь тодорхой болно: Жишээлбэл: мэргэн-мэргэнээр, он-оны, үнэн-үнэний гэх мэт.

§ 23. Хэлний үзүүрийн н-ийг хэлний угийн н-ээс, хоолойн г үсгийг хэлний г-ээс ялгахын тул хэлний үзүүрийн н, хоолойн г үсгийн ард бичсэн балархай эгшгийг ялгах эгшиг гэнэ. Жишээлбэл: хана, бага, оно, торго, үнэ, онгоц, өнөр, торни гэх мэт.

      Тайлбарлах нь:

Өргөлттэй эр, үндсэн эгшиг, мөн урт хос үндсэн эр эгшиг ба ы эгшгийн өмнө орсон г бол их төлөв хоолойн г байна. Жишээлбэл: газар, гуйх, гоожих, тогоо, агуу, даргын, агаар гэх мэт.

      Балархай эгшгээс бусад эдгээр дурдсан эгшгийг ялгах эгшиг гэж нэрлэхгүй.

§ 24. Дараалсан гурван гийгүүлэгчийн гуравдугаар нь хоолойн г, хэлний үзүүрийн

н хоёрын нэг бөгөөд түүний арын ялгах балархай эгшгээр үг төгсгөвөл тэр ялгах эгшиг сонстохгүй тул н ба г-ийн өмнө богиио эгшиг бичнэ. Үүнийг дараалсан гурван гийгүүлэгчийн дүрэм гэнэ. Жишээлбэл:

         а )      Аньсага, бортого, ганзага, жинхэнэ, зулзага, оньсого, турсага, хавтага,        

             харцага,  хоромсого,  хундага, чагтага, чандага, чогчиго,  эрдэнэ, янзага

              гэх мэт  цөөн нэр үг байна.

          б)    Цаг заах үйлүгийн одоо, ирээдүй цагийн -на, -нэ, -но, -нө нөхцөлийг

              давхар гийгүүлэгчээр төгссөн үгэнд залгахдаа дараалсан гурван   

              гийгүүлэгчийн  дүрмээр бичнэ. Жишээлбэл: манд-на – мандана, мөлх-нө -  

              мөлхөнө, урс-на - урсана,  орш-но-оршино гэх мэт.

       Дээрх хоёр тохиолдлоос бусад үгэнд балархай эгшгийн дүрмийг зөрчихгүй бол 3 ба 4 гийгүүлэгч дараалан орж болно. Жишээлбэл: урсга, ястны, эмхтгэх, цомхтго, төрөлхтний, эрхтний гэх мэт.

§ 25. Дараалсан хоёр гийгүүлэгчийн хоёрдугаар гийгүүлэгч нь хоолойн г, хэлний үзүүрийн н хоёрын нэг байвал түүний өмнөи-гээс бусад балархай эгшиг бичихгүй. Жишээлбэл: авга. алга, тамга, ганга, торго, годгор, хазгар, босго, тошгор, авна, аялна, бодно, маажна, босно, хөшнө гэх мэт.

      Хэлний үзүүрийн н буюу хоолойн г-ийн өмнө хэлний үзүүрийн н буюу    хоолойн г тохиолдвол завсар нь эгшиг бичнэ. Жишээлбэл:   унана, дагана,  унага,  шанага,  багана гэх мэт.

  § 26. ж, ч, ш-ийн дараах эгшиг:

        а)     Эр үгийн эхний ж, ч, ш гурвын дараа богино и эгшиг бичихгүй,   а, о, у 

             гурвын нэгийг бичнэ. Жишээлбэл: шар,  чагтага, жаргалан, шороо, чоно,   

           чухал,   шугам гэх мэт.

         б)   Эм үгийн эхний ж, ч, ш-ийн дараа богино э эгшгийг бичихгүй, и, ө , ү

            гурвын нэгийг бичнэ. Жишээлбэл: жил, чимээ, ширээ, чөлөө, шөнө, жүжиг,

            шүдлэн гэх мэт.

         в)     Эр эм ямар ч үгийн дунд орсон ж, ч, ш гурвын дараа балархай эгшиг    

                бичих шаардлага гарвал дандаа и эгшиг бичнэ. Жишээлбэл: ажил,  ашиг,

             ишиг, хөгжил, учир, дэвших гэх мэт.

         г)    ж, ч, ш-ийн дараа ямар ч урт эгшгийг бичиж болно. Жишээлбэл:

             шаантаг, шээвгий, шүүх,  хашаа, чанаржуулах, хөгжөөнө гэх мэт.

                                        Гээгдэх эгшгийн дүрэм

§ 27.  Үгэнд залгавар залгахад балархай эгшгийн дүрмийн ёсоор шаардагдахгүй болж хасагдах эгшгийг гээгдэх эгшиг гэнэ. Ийнхүүэгшиг гээгдэх гурван тохиолдол байна. Үүнд:

       а)     Гийгүүлэгчээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад уг

          үгийн төгсгөлийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэнэ. 

          Жишээлбэл: олон-олноос, авар-авраад, суртал-суртлаар гэх мэт.

       б)    и-аас бусад богино эгшгээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар

           залгахад төгсгөлийн балархай эгшиг гээгдэнэ. Жишээлбэл:  чарга-чаргыг,

          хана-ханаар,  сана-сануул, эмнэ-эмнүүл, өмнө-өмнөөс гэх мэт.

        в)     Гийгүүлэгчээр төгссөн үгэнд гийгүүлэгчээр эхэлсэн залагавар залгахдаа

          өмнө нь эгшиг жийрэглэвэл мөн үгийн эцсийн гийгүүлэгчийн өмнөх эгшиг  

         гээгдэнэ.  Жишээлбэл: боловсор-л  - боловсрол, сурагчид-д - сурагчдад,

          үсэр-х-үсрэх гэх мэт.

                 Гажилт:

       а)     Оноосон нэрийн төгсгөлийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшгийг

           гээхгүй . Жишээлбэл:  Матад-Матадаас, Орхон-Орхоны, Пунцаг- Пунцагийг

           гэх мэт.

       б)      Галав, төлөв гэх мэт зарим үгийн балархай эгшгийг гээхэд үгийн үндэс

           ихээхэн өөрчлөгдөхөөр болбол балархай эгшгийг гээхгүй .

       в)      Уламжлалын зарчим баримталж бичсэн үгийн "и" эгшгийг гээхгүй. 

            Жишээлбэл: тэнхимийн, эрихээр гэх мэт.

§ 28.  Нэг үгэнд хэд хэдэн залгавар залгахдаа нэгэнтээ гэж бичсэн эгшгийг сэргээж бичихгүй. Жишээлбэл: бутар-бутрал - бутралаар, нөхөд- нөхдөд-нөхдөдөөбэх- бэхэжтүгэй-бэхжих-бэхжихэд гэх мэт.

§ 29.  Эгшгийг гээхдээ эгшигт гийгүүлэгч, заримдаг гийгүүлэгч эгшиггүйдүүлэх,    мөнүгийн дунд орсон ялгах эгшиг үйлт нэрийн "х"-гийн өмнөх эгшиг дараалсан   гурван гийгүүлэгчийн дүрмээр бичсэн эгшиг, зөөлрүүлэх үүрэгтэй "и" эгшгийг гээх зэргээр балархай эгшгийн дүрмийг зөрчиж болохгүй.

                             Хатуу, зөөлний тэмдгийн дүрэм

§ 30.    Эр үгэнд орсон зарим гийгүүлэгчийг уг хэлэгдвэл зохих байраас нь урагшлуулах, тагнайшуулах зэргээр хэлэхийг зөөлрүүлэх гэнэ. Жишээлбэл:6ар-6арь, хол-холь, ам-амь, зах-захь, тав -тавь гэх мэт.

     Эм үгийн гийгүүлэгч үгүүд угаас тагнайшиж зөөлөн хэлэгддэг тул түүнд зөөлний тэмдгийг зөөлрүүлэх үүрэгтэй хэрэглэхгүй.

Зөөлөрсөн дан гийгүүлэгчийн ард зөөлний тэмдгийг бичнэ. Хэрэв давхар гийгүүлэгч зөөлөрвөл түүний ард "и" бичнэ.  Жишээлбэл:морь, тахь,  хонь, архи, орхи, тамхи, болхи, солби, дорви, анги гэх мэт.

§ 31. Зөөлний тэмдгийг солигдох нь:

        а)    Зөөлний тэмдгийн дараа  үндсэн эгшиг (а, о, у, и) орвол зөөлний тэмдгийг

           сольж и болгоно.   Жишээлбэл:болъ-болиод, дохь-дохио, захь-захиа, сургууль-

           сургуулийн, харь-хариу гэх мэт.

        б)    Зөөлний тэмдгийн дараа эгшигт гийгүүлэгч (в,  г, л, м, в, р) орвол зөөлний

           тэмдгийг сольж и болгоно. Жишээлбэл: морь-моринд, соль-соливол, ярь-яриг,

          сахь-сахилаа, тахь-тахина гэх мэт.

        в)     Зөөлний тэмдгийн дараа үйлт нэрийн ирээдүй цагийн х нөхцөл орвол

            зөөлний тэмдгийг сольж и болгоно.   Жишээлбэл: тавь-тавих, ярь-ярих,

            ань- аних холь-холих, хумь-хумих гэх мэт.

        г)     Заримдаг гийгүүлэгчийг зөөлрүүлсэн зөөлний тэмдгийн дараа дахин

           заримдаг гийгүүлэгч орвол зөөлний тэмдгийг сольж и болгоно.

          Жишээлбэл:зохь-зохис, захь-захидал, сахь-сахиж, боть-ботид гэх мэт.

§ 32.  Зөөлний тэмдгийг үл солигдох нь:

        а)    Зөөлний тэмдгийн дараа туслах  эгшиг (я,ё) орвол зөөлний тэмдэг хэвээр

           байна. Жишээлбэл:  барья, сахья, солъё, дохъё гэх мэт.

        б)   Эгшигт гийгүүлэгчийг зөөлрүүлсэн зөөлний тэмдгийн дараа заримдаг

           гийгүүлэгч орвол зөөлний тэмдэг хэвээр байна. Жишээлбэл: барь-барьдаг,

           барьц, барьзна, амьтан, шуугьж,  хальсан гэх мэт.

        в)     Хоёр үгнээс бүтсэн үгэнд зөөлний тэмдэг хэвээр байна.  Жишээлбэл:

           Даръбазар, морьгүй гэх мэт.

§ 33. Тусгаарлагч ъ, ь:

        а)    Эр үгэнд я, ё эгшиг өмнөх гийгүүлэгчээсээ саланги дуудагдахаар орвол

            өмнө нь хатуугийн тэмдгээр тусгаарлаж бичнэ. Жишээлбэл: авъя, олъё,

            товъёг, угтъя гэх мэт.

        б)    Эм үгэнд я, ё эгшиг өмнөх гийгүүлэгчээсээ саланги дуудагдахаар орвол

           өмнө нь хатуугийн тэмдгээр тусгаарлаж бичнэ. Жишээлбэл: өгье, үзье,

           тэнцье гэх мэт.

      я, е, ё, ю үсгүүд эгшиг ба зөөлний тэмдгийн дараа залгаж ороход өмнө нь  хатуу, зөөлний тэмдэг (ъ, ь) бичихгүй. Жишээлбэл:саная, хичээе, олгоё, байя, хөгжөөе, барья, орхиё, цохьё гэх мэт.

Утгат хэсгийг зөв бичих

§  34.   Үгийн утгат хэсэг язгуур, дагавар, нөхцөлийг нэг тогтсон хэлбэртэй бичихийг чармайна. Жишээлбэл: Үйлүгийн байдал заадаг -цгаа,-цгээ, -цгоо, -цгөө, -зна,-знэ,-зно,-знө нөхцөлийн бүтцийг ц, з гийгүүлэгчийн ард эгшигтэй бичвэл эгшиг буюу эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд залгахад балархай эгшиг нь илүүдэх учир нөхцөлийн бүтэц –цагаа, -цгаа, -зана, -зна гэж хоёр янз болж тайлбар дүрэм хэрэгтэй болно. Жишээлбэл: Иймээс байцгаа, байзна, хүлээцгээ, хүлээзнэ, харцгаа, харзна, уншицгаа, уншизна гэж нэг ижил бүтэцтэй бичнэ.

 

§ 35.  Үгэнд залгавар залгахад үгийн үндсийг эвдсэн ч болох, эвдээгүй ч болох учир тохиолдвол үгийн үндсийг эвдэхгүйг чухал болгоно.  Жишээлбэл: эцэст, тасал-тасалж, товчил- товчилж гэж бичнэ, эцсэд, таслаж, товчлож гэж бичихгүй.

§ 36.  Үсгийн дүрэм ёсоор ижил бичиж болмоор боловч үгзүйн зарчмаар өөрөөр бичих үгийг үгийн бүтэц,үгзүйн зарчмыг баримталж бичнэ. Жишээлбэл:

хүрэг - зөвшин захирах хэлбэр, сураг гэсэнтэй адилхан утгатай залгавар

хүргэ - бусдаар үйлдүүлэх хэв, сурга гэсэнтэй адилхан утгатай залгавар

- учралаа, хамтралаа, огтлолоо, жуулчлалаа, мэдрэлээ гэхэд юугаа гэсэн асуултад хариулагдах ерөнхийлөн хамаатуулах –аа, -ээ, -оо,

-өө  нөхцөлтэй жинхэнэ нэр үг байна.

- учирлаа, хамтарлаа, огтоллоо, жуулчиллаа, мэдэрлээ гэхэд яав гэсэн асуултад  хариулагдах цаг заах төлөвийн –лаа, -лээ, -лоо,-лөө нөхцөлтэйүйл үг байна.

- өргөдөх гэдэг үг бол өргөд-өргөн гэж үгзүйгээр задарна;

- өрөгдөх - өрөгд- өр гэж задарна (үсэгөрөгдөх гэх мэт);

- эндэх (осолдох, цалгардах), эндэхийг шахлаа;

- эндэх (энд байгаа) эндхийн хүн шүү дээ;

- явчих- явчихаад (бүрмөсөн үйлдэх байдал)

  яв- явч-явчих-явчихыг, явчихад (үйлт нэрийн ирээдүй цагийн х нөхцөлтэй үг)

§ 37.  Үйл үгийн үндэсүүсгэх л дагаврын шаардагдах балархай эгшгийг хаана нь бичих вэ гэвэл:

       а)      Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд –л дагаврыг залгахдаа зохих

            балархай эгшгийг ард бичнэ. Жишээлбэл: тагла, тавла, бөглө, нэрлэ,

            ажилла, төлөвлө, амла, тугалла, сумла гэх мэт.

      б)       Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд –л дагаврыг залгахдаа зохих

           балархай эгшгийг өмнө бичнэ. Жишээлбэл: дансал, хагасал, борцол, бутал

           гэх мэт.

                   Гажилт:

       Хэрэв –л дагаврыг залгахад заримдаг гийгүүлэгчийнөмнөх балархай эгшиг гээгдэхээр байвал –л дагаврын шаардагдах эгшиг ард нь бичнэ. Жишээлбэл: үндэс- үндэслэ, хавтас- хавтасла, идэш- идэшлэ, холтос- холтосло гэх мэт.

      в) Зөөлний тэмдгээр төгссөн үгэнд –л дагавар залгахдаа зөөлний тэмдгийг

         и болгоод –л дагаврыг шууд залгана. Жишээлбэл: цохь- цохил, барь- барил,

         хань- ханил гэх мэт.

      г)   Эгшгээр төгссөн үгэнд –л дагаврыг эгшиггүй залгаж бичнэ. Жишээлбэл:

       тоо- тоол, цай- цайл, хөө- хөөл гэх мэт.    

       Нэр үгийн ш дагавар энэ 37-р зүйлд хамаарагдахгүй. Жишээлбэл: авар-  

       аврал- авралаар, явдал, хурал, цугларал гэх мэт.

§ 38.  Үйл үгийн бусдаар үйлдүүлэх хэвийн –г нөхцөлийг –га, -го, -гэ, гө гэж ард нь эгшигтэй бичнэ. Жишээлбэл: сур- сурга, ол-олго, хүр-хүргэ, хөөр- хөөргө гэх мэт.  Харин захирах хүсэх төлөвийн –г нөхцөлийг ард нь эгшиггүй бичнэ. Жишээлбэл: сур- сураг, ол- олог, хүр- хүрэг, хөөр- хөөрөг гэх мэт.

 § 39. Нөхцөл үйлүгийн зэрэгцэх хэлбэрийн –ж, -ч нөхцөлийг үгэнд залгахдаа:

             а)  Эгшгээр төгссөн үгийн хойно –ж нөхцөлийг бичнэ. Жишээлбэл:

               хурааж, гүйцээж, манаж, харайж, орхиж гэх мэт.

            б)   Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд зөвхөн –ж бичнэ. Жишээлбэл:

               бодож, хатаж, буцаж, оршиж, дасаж, бялхаж, гацаж, засаж,

               дуусаж, нисэж гэх мэт.

          в)  Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд ихэвчлэн –ж бичих боловч хааяа

              ч бичих удаа бий.

1)    л, м-ийн дараа-ж бичнэ. Жишээлбэл: олж, хамж, нийлж, нэмж гэх мэт.

2)    в, г –гийн дараа төлөв –ж бичнэ. Зөвхөн авч, өгч хоёрт -ч бичнэ. Жишээлбэл: хавж, хөвж, сэвж, эгж, бүгж гэх мэт.

3)    Урт буюу хос эгшигтэй ганц үетэй бас хоёроос дээш үетэй р- ээр төгссөн үйл үгэнд цөм -ч бичнэ. Жишээлбэл: таарч, тойрч, хөөрч, хуурч, ээрч, хайрч, хагарч, бутарч, дулаарч, самарч гэх мэт.

4)    Богино эгшигтэй ганц үетэй р-ээр төгссөн үйлүгэнд их төлөв –ж бичнэ. Жишээлбэл: харж, орж, эрж, тарьж, хөрж, үрж гэх мэт.

             Гажилт:

       Энэ нь цаг заахүйл үгийн өнгөрсөн үргэлжилсэн цагийн –жээ, -чээ нөхцөлийг бичихэд нэгэн адил хамаарагдана. Жишээлбэл: хөржээ, хөөрчээ, дусжээ, дуусжээ, оножээ, авчээ гэх мэт.

§ 40.  с үсгээр төгссөн нэр үгэнд үйл үгийн үндэсүүсгэх –д дагаврыг залгахгүй –т дагаврыг залгана. Жишээлбэл: мөс- мөст- мөстөх, мөхөс- мөхөст, сэвс- сэвст- сэвстэх, тос- тост- тостох, утас- утаст- утастах, хилс- хилст- хилстэх, хомс- хомст- хомстох гэх мэт. Бас үйлүгийн бусдын эрхэнд үйлдэгдэх хэвийн –д,-т дагаврыг залгахдаа мөн энэ дүрмийг баримтална. Жишээлбэл: сонс- сонст- сонстох гэх мэт.

          Гажилт:

      с үсгээр төгссөн нэг үг хоёр өөр утга илтгэдэг бол мөн үгэнд –д, -т дагаврын алиныг нь ч залгаж болно. Жишээлбэл:үсдэх(үснээс шүүрч, чангаах), үстэх (үс тогтох буюу үс мэт зүйл бүрхэх), тоосдох (тоос болгох), тоостох(тоостой болох) гэх мэт.

 

§ 41. Гийгүүлэгчээр төгссөн үгийн хойно –лага, -лого дагаврыг бичнэ. Жишээлбэл: бод- бодлого, зар- зарлага гэх мэт.

     Эгшиг буюу зөөлний тэмдгээр төгссөн үгэнд –лга, -лго дагавар бичнэ. Жишээлбэл: буу- буулга, зорь – зорилго гэх мэт.

§ 42.  Хамааруулах –х дагаврыг эр эм ямар ч үгэнд зөөлний тэмдэг буюу и үсэггүй бичнэ. Жишээлбэл: дараах, хойнох, доторх, гаднах, манайх, манайхан, дундах гэх мэт. Хааяа энэ дагавар өгөх оршихын тийн ялгалын нөхцөл зэрэгтэй нийлж тусгай үг мэт болсон байх учир бичгийн хэлний уламжлалыг дагаж дахь, дахин тусгай бичнэ.

§ 43. Зарим тийн ялгалын нөхцөлийг бичих тухай өгүүлбэл:

         а)    Үгийг тийн ялгалаар хувилгахдаа тогтворгүй н үсгийг уг үгийн

             төгсгөлийн гийгүүлэгч гэж үзэхгүй. Харин үгийн үндэс ба залгаврын

             жийрэг гэж үзнэ. Жишээлбэл: тэрэг- тэрэгний, төлөг- төлөгний,үндэс-

             үндэсний гэх мэт.

         б)   Тогтворгүй н- тэй үгийг тийн ялгалаар хувилгахдаа ыүсгийг гаргаж

            бичнэ. Энэхүү тогтворгүй н үсэг ихэвчлэн харьяалах, өгөх орших, гарах

            гурван тийн ялгалд нэгэн адил гарна. Жишээлбэл: модны, модонд,

            модноос, морины, моринд, мориноос гэх мэт. Гэтэл номны сан гэдэггүй

            учир номонд гэж бичихгүй номд; асуултны, амжилтны гэдэггүй учир

            асуултад, амжилтад гэж бичнэ.

        в)    Харьяалахын тийн ялгалын –ы, -ий нөхцөлийг тогтвортой ба

            тогтворгүй н үсгэнд төгссөн үгэнд эгшиг зохицох ёсоор залгана.

            Жишээлбэл: модны, түмний, усны гэх мэт.

        Харьяалахын тийн ялгалын –н нөхцөлийг хос эгшиг ба урт ий эгшгээр төгссөн үгэнд залгана. Жишээлбэл: толгойн, дэлхийн гэх мэт.

          г)  Өгөх оршихын тийн ялгалын нөхцөл –д, -т :

           - т   нөхцөлийг г ба өмнөө эгшигтэй с гийгүүлэгчээр төгссөн тогтворгүй

                  н-гүй үгэнд залгана. Жишээлбэл: худагт, Нацагт, нутагт, хэлтэст

                  гэх мэт. Бас –р, -в гийгүүлэгчээр төгссөн зарим үгэнд уламжлал

                 баримтлан бичнэ. Жишээлбэл: гарт, Дэндэвт гэх мэт.

            -д  нөхцөлийг дээрхээс бусад төгссөн үгэнд бичнэ. Жишээлбэл: ахад,

      сард, шилд гэх мэт.

        е)    Заахын тийн ялгалын г нөхцөлийг урт, хос эгшиг хэлний угийн н

            үсгээр төгссөнүгэнд залгана. Жишээлбэл: дүнг, шороог, тахиаг, Галсанг

            гэх мэт.

      Биеийн хамаатуулах минь, чинь, нь –ийн өмнөх заахын тийн ялгалын –ыг,

-ийг; харьяалахын тийн ялгалын –ын, -ийн нөхцөлийн г,н үсэг, сонстохгүй боловч энэхүү -н, г үсгийг гээхгүй бичнэ. Жишээлбэл: ахыг нь, гарыг минь, үзгийг чинь, гарын нь гэх мэт.(ахы нь, гары минь, үзгий чинь, гары нь гэж бичвэл буруу)

         ё)     Зарим нэр үг хоёр өөр утгыг илтгэх болоод тийн ялгалаар хувихдаа ч

          ялгавартай болжээ. Жишээлбэл: Шөнө од(нэрлэхийн тийн

         ялгал)гялалзана. Алтан гадас одон Лувсангийн энгэр дээр гялалзана. Ард

          Насангийн соёолон насны морь наадамд түрүүлэв. Өвлийн эхэн сарын

          (харьяалахын тийн ялгал)арван тавны шөнө сарны гэрэл тооноор орно,

          сард авах цалин, саранд нисэж очих гэх мэт.  Зарим үг тийн ялгалаар хоёр

          хувирч хоёр өөр утгыг илтгэх явдал байна. Жишээлбэл: адуугаар баян

          нэгдэл, танай адуунаар миний морь явчлаа гэх мэт.

Үеийн тухай, үг шилжүүлэх дүрэм

§ 44. Амьсгалын нэг түрэлтээр хэлэгдэх нэг буюу хэдэн авиаг үг гэнэ.  Үг, нэг  түрэлтээр хэлэгдэх эгшгийн тоогоор үе болно. Урт ба хос эгшиг нэжгээд үе болно. Жишээлбэл: ман-дуул-сан, хой-но, хойш-ло-ход, тэм-дэг-лэг-дэх-дээ, сурт-лаа- раа, хонь, морь, о-ё гэх мэт.

               Үгийг үелэхдээ:

      а)   Үелэх заагт нэг гийгүүлэгч байвал тэр гийгүүлэгчийн өмнүүр, хоёр

         гийгүүлэгч байвал хоёрдугаар гийгүүлэгчийн өмнүүр, гурван гийгүүлэгч

         байвал гуравдугаар гийгүүлэгчийнөмнүүр, дөрвөн гийгүүлэгч байвал

         дөрөвдүгээр гийгүүлэгчийн өмнүүр

         үелэнэ . Жишээлбэл: го-лын, ол-дох, үлд-сэн-, тө-рөлхт-ний

     б)    Хатуугийн тэмдэг, зөөлний тэмдгийг өмнөх  гийгүүлэгчийг   дагуулан  

         үелнэ.   Жишээлбэл:  үзь-е,   ха-руулъ-я гэх мэт.§ 46. Нэг мөрөөс нөгөө мөрт

         үгийг шилжүүлэхдээ үеэр тасалж шилжүүлнэ. Нэг үеийг хоёр мөрт хувааж

         бичиж болох-гүй. Хэдийгээр бие даасан үе боловч нэг үсгийг мөрийн эцэст

         үлдээх буюу шинэ мөрт шилжүүлж болохгүй.  Жишээлбэл: олох, явуулъя,

         гэхэд тасалж шилжүүлж болохгүй.

                Тасалж шилжүүлсэн зураасыг зөвхөн мөрийн эцэст тавина.

§ 45. Нэг мөрөөс нөгөөмөрөнд үгийг шилжүүлэхдээүеэр тасалж шилжүүлнэ. Нэг үеийг хоёрт мөрт хувааж бичиж болохгүй. Хэдийгээр биеэ даасан үе боловч нэг үсгийг мөрийн эцэст үлдээх буюу шинэ мөрт шилжүүлж болохгүй.  

       Тасалж шилжүүлсэн зураасыг зөвхөн мөрийн эцэст тавина.

 

§ 46. Том үсгээр бичих:

        а)   Өглүүбэрийн эхний үсгийг заавал томоор бичнэ. Жишээлбэл: Манай эх

           орон  уудам, ард түмэн нь эрх жаргалантай билээ. Бид энх тайвныг сахин

           хамгаална гэх мэт.

       б)    Хүний нэр; амьтан, хот суурин, уул ус зэрэг ертөнц дээр ижилгүй юмны

          оноосон нэрийг том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Дамдины Сүхаатар,

          Улаанбаатар хот, Энх тайвны гудамж, Богд уул, Орхон гол, Шувуун саарал

          (морь), Банхар (нохой) гэх мэт.

       в)   Дэлхий дахины албан ба олон нийтийн байгууллагын нэрийг хэдэн үгээр

          бүтсэн бол цөмийг том үсгээр эхэлж  бичнэ. Жишээлбэл: Нэгдсэн

          Үндэсний Байгууллага;  Дэлхийн Энх Тайвны Зөвлөл, гэх мэт.

       г)    Улс гүрэн ба улсын төвийн хороо, зөвлөл, яам, холбоо байгууллгын   нэр

          хэдэн үгээр бүтсэн бол цөмийг том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл:

         Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо, Монголын Ардчилсан

         Социалист Залуучуудын Холбоо, Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоо,

         Дэд Бүтцийн Яам гэх мэт. Үүнээс бусад улсын төвийн захиргаанд

         харьяалагдзх албан үйлдвэр, аймаг, сум дүүрэг, соёл шинжлэх ухаан зэрэг

         газрын нэрийг хэдэн үгээр бүтсэн бол зөвхөн эхний үгийг том үсгээр эхэлж

         бичнэ. Жишээлбэл: Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн, Сэлэнгэ аймгийн 

         ахмадын хороо, Ерөөгийн Сангийн аж ахуй гэх мэт.

                  Тайлбарлах нь;

1.         46-р зүйлийн в, г-д эаасан оноосон нэрийг дэлгэрэнгүй товч ямраар ч       

                   бичсэн том үсгээр   эхэлж  бичнэ.   Жишээлбэл:Бүгд Найрамдах  

                   Солонгос Улс,   Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл,  Монгол

                   Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль  гэх мэт.

2.        Монгол Орос зэргийн  улс орны нэрийг зөвхөн хүний ерийн нэр

    болгож хэрэглэх буюу орон улсаас өөр эд юм ба ерийн нэр үгийн өмнө 

    тодотгол болгож хэрэглэсэн бол бага үсгээр бичнэ.   Жишээлбэл:

    Жижигхэн монгол  эмээл  моринд халтай, Бид англи хэл суралцахыг 

    оролдоно гэх мэт. Бас "монгол хэл" гэхэд бага үсгээр бичээд "Монголын

    хэл" гэхэд том үсгээр бичнэ. Учир нь монгол хэл гэхэд "Монгол" бол

    зөвхөн тодотгол бөгөөд "ямар" гэсэн асуултад хариу болно. Монголын  

    хэл гэдгийн "Монгол" бол орон улс нийтийг нэрлэж байгаа юм. Гэвч тэр

    монголын үс нь хар гэхэд монголыг жижиг үсгээр бичнэ. Учир нь энд

    Монгол улсыг хэлээгүй, зөвхөн нэг монгол хүнийг хэлж байна.

3.    Том үсгээр бичигдвэл зохих хэдэн үгээр бүтсэн нэг юмын нэрийг 

    товчилж   аль нэг үгийг авч бичвэл түүнийг том үсгээр эхэлж бичихгүй.  

    Жишээлбэл: Манай   байгууллагын Монголын Ардчилсан Намын гишүүд

    цуглав. Монгол Улсын төлөө зүтгэх гэх мэт.

        д)   Ном зохиол, сонин сэтгүүл, нэгдэл зэргийн нэрийг хаашилтад том үсгээр

            эхэлж бичнэ. Жишээлбэл: Стефен . В. Хокингийн “Хар нүх ба шинэ

            ертөнц” номыг уншив. гэх мэт.

        е)     Эрхэмлэн хүндэтгэсэн утгаар хэрэглэсэн зарим үгийг том үсгээр эхэлж

           бичнэ.   Жишээлбэл;   Жаран насны ойг тань тохиолдуулан Танд эрүүл энх,

            урт удаан наслахыг ерөөе гэх мэт.

       ё)      Онцгой дурсгалт үйл явдлын нэрийг том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл:

           Ардчилсан хувьсгал, Шинэ жил, Цагаан сар   гэх мэт.

       з)     Хамт бичиж заншсан хоёр үгнээс бүтсэн оноосон нэрийн хоёрдугаар үг нь

           эгшгээр эхэлсэн байвал хооронд нь холбоос тавьж хоёр дахь үгийг томоор

           эхэлж бичнэ, Жишээлбэл:Баян-Өлгий, Буян-Өлзий, Баруун-Урт сум гэх мэт.

§ 47.  Үг  хурааж бичих:

             Хэдэн үгээр бүтсэн нэг нэрийг хурааж бичиж болно.

        а)  Эхний үеэр хураана. Жишээлбэл: ня-бо (нягтлан бодогч), Ґ (төгрөг) гэх мэт.

        б)  Эхний үсгээр хураана. Жишээлбэл:МАХН, БНСАУ гэх мэт.

        в)  Заримдаа хоёр үгээр бүтсэн нэг нэрийг хураахдаа хоёр үгийн эхний үсгээр

           хураана.   Жишээлбэл: БХ-Баянхонгор, УБ-Улаанбаатар гэх мэт.

       г)   Зарим үгийг эх адгийн үсгээр хурааж болно. Жишээлбэл:18-р зөвлөлгөөн,

          5-р сар гэх мэт.

       д)   Оноосон нэрийг үсгээр хураавал бүхүсгийг томоор бичнэ.  Үеэр хураавал

         үеийн эхний үсгийг буюу бүх үсгийг томоор бичнэ. Хүний овог нэрээс бусад

         оноосон нэрийг хураасан үсгийн ард цэг тавихгүй. Жишээлбэл: МАХН,

         БНСАУ, УЭХ (Урчуудын Эвлэлийн Холбоо), Мон Ца Мэ буюу МОНЦАМЭ,

         Д. Нацагдорж гэх мэт.

§ 48.  Гадаад үгийг бичих нь:

       а)   Монгол хэлэнд эрт цагт орсон бөгөөд нийтэд гадаад үг гэж мэдэгдэхээ 

         больсон үгийг монгол үсгийн дүрмийг баримталж бичнэ. Жишээлбэл: шил, 

         эрдэнэ,  цонх, янз, судар, саван,  сахви,  булигаар гэх мэт.

      б)  Ойрмог гадаад хэлнээс аваад гадаад үг гэдэг нь нийтэд мэдэгдэж байгаа

         үгийг бичихэд уг хэлний дуудлага ба бичгийн дүрсээр харгалзана. Орос үг ба

         оросоор дамжиж ирсэн гадаад үгийг оросоор яаж бичдэгийг ерөнхийд нь

         баримталж бичнэ. Жишээлбэл:мотор, феодал, тест, трактор, менежер,

         компьютер гэх мэт.

      в)   Гадаад үг бол монгол хэлний эгшиг зохицох ёс, балархай эгшгийн дүрэм

         ба гээгдэх эгшгийн дүрмийг дагахгүй.

      г)   Оросоор ия үсгээр төгссөн үгийн эцсийн ия үсгийг их төлөв хасна.

        Жишээлбэл: Румыния-Румын, станциа-станц, лекция- лекц гэх мэт. Гэвч ия

        үсгээр төгссөн зарим үгийн эцсийн гийгүүлэгч зөөлөрсөн байвал зөвхөн я

        үсгийг хасна. Жишээлбэл: Азия- Ази, Италия-Итали гэх мэт.

      д)   Гадаад үгэнд монгол хэлний залгавар залгаж болно. Гадаад үгэнд ямар нэг

         эр эгшиг байвал эр үгийн залгавар залгана.  Нэг үгэнд хэд хэдэн өөр эр

         эгшиг байвал аль өргөлттэй эгшигт нь зохицуулан залгавар залгана. Хэрэв эр

         эгшиг дээр өргөлт ногдоогүй эхний эр эгшигт зохицуулан залгавар залгана.

         Жишээлбэл: аптекаар, пионерын, театрууд, бригадад, механикжсан,

         автобуснаас, ацетоны гэх мэт. Хоёр үгнээс бүтсэн нэг нэрийн сүүлчийн

         үгийн эгшигт зохицуулан залгавар залгана. Жишээлбэл: агротехпикээр, 

         ампертетрийн, атмосферээс гэх мэт.

               Гажилт:

     Зарим үгийн төгсгөлийнөргөлтөг эр эгшиг балархай хэлэгдвэл монгол

хэлний уламжлал ёсоор нэгдүгээрүеийн эгшигтэй зохицуулан эгшиг бичиж болно.

       е)  Гадаад үгэнд ямар нэг эр эгшиг байхгүй бол эм үгийн залгавар залгана. 

          Жишээлбэл: хими-химиэс, лент-лентээр гэх мэт.

       ё)  к үсгийг хэлний г үсгийн дүрмээр к үсгээр төгссөн эр үгэнд ий эгшиг

          залгах ба к үсгийг эгшигт гийгүүлэгчийн адил үзэж залгавар залгана.

          Жишээлбэл: фабрикийн, паркт гэх мэт.

       Мөн ш үсгийг ш үсгийн адил үзэж зохих залгавар залгана,

з. б, п, ф, в үсгййг нэг төрлийн үсэг гэж адилаар үзнэ. Жишээлбэл: Хэний шкаф бэ? Хэдэн куб бэ? шкафт, клубт гэх мэт.

ж. Оросын у үсгийг монголын ү үсгийн адил эм эгшиг гэж үзэж залгавар залгана. Жишээлбэл: клубээс, группийа

Сул үг, дагавар үгийг зөв бичих

§ 49. Сул үгийг уг үгнээс нь саланги бичнэ,

         а) Асуух сул үг бэ, вэ заримдаа урт эгшигтэй, заримдаа ашиггүй хэлэгдэх боловч вээ, в хоёр хэлбэрийг хэрэглэхгүй, дандаа бэ, вэ гэж богино эгшигтэй бичнэ. Жишээлбэл: Таны нас хэд вэ? Та хэзээ буцах вэ?  Хэн хэлэх вэ!

в, л, м, н үсгээр төгссөн үгэнд бэ бичнэ. Яасан их юм бэ? Ямар өргөн гол бэ? Аль аймгийн сум бэ? Өнөөдөр хэдэн бэ? гэх мэт.

         Үүнээс бусад богино эгшиг гийгүүлэгчээр төгссөн үгэнд вэ бичнэ. Жишээлбэл:Ямаргазар вэ? Хэний хонь вэ? Хэн хэлэх вэ? Одоо яах вэ? (яахав- гэж бичиж болохгүй) гэх мэт.

         б)   Асуух сул үг юу, юү хоёрыг урт ба хос эгшгээр төгссөн үгэнд эгшиг зохицох дүрмээр бичнэ. Жишээлбэл: Адуу юу, тэмээ юү? Малгай юу? Бээлий юү? гэх мэт.

Үүнээс бусад богино эгшиг гийгүүлэгчээр төгссөн үгэнд уу, үүбичнэ. Жишээлбэл: хана уу, унь уу, тэрэг үү, чарга уу гэх мэт.

          в)   л,  ч, шүү сул үгийг ямар ч үгийг дагуулан саланги бичнэ. Жишээлбэл: Сайн л явна. Өвс ч  их ургажээ. Тоогоо бодно шүүгэх мэт.

          г)   Зөвшөөрөх сул үг за –г богино эгшигтэй бичнэ.

          д)  даа, дээ, доо, дөө сул үгийг эгшиг зохицох дүрэм баримтлан саланги бичнэ. Жишээлбэл: авна даа, хэлнэ дээ, олно доо, өгнө дөөгэх мэт.

         е) Дуудах аялга үг аа, ээ, оо, өө дөрвийг эгшиг зохицох дүрмийг баримтлан саланги бичнэ. Жишээлбэл: хүүхдүүд ээ, залуучууд аа, нөхөдөө гэх мэт.

        ё)  Дагавар үг руу, рүү гэж бичихдээ эгшиг зохицуулахгүй эхний эгшгийг хасахгүй эр эм харгалзуулан бичнэ.

       з)  Идэвхгүй “а” язгуур нь гээгдсэн “сан, даг” нөхцөлийг уг үгнээс нь саланги эгшиг зохицох дүрмийн ёсоор “сан, сэн, сон, сөн, даг, дэг, дог, дөг”гэж бичнэ.  Жишээлбэл: явсан сан,явсан даа, ирдэг сэн, ирдэг дэг, очсон сон,  очсон дог, өгсөн сөн, өгсөн дөө гэх мэт.

       ж) тэрчлэн мэтчилэн, энэчлэн, сэтгэлчлэн зэрэг чилэн залгаврыг балархай эгшгийн дүрэм, эгшиг зохицох ёсоор уг үгтэй нь хамт бичнэ. Жишээлбэл: түүнчлэн, явдагчлан, явсанчлан гэх мэт.

Монгол бичигт хэрэглэх цэг цэглэл

 

§ 50. цэг (  .  ):

         а) Хүүрнэсэн өгүүлбэрийн эцэст цэг тавина. Жишээлбэл: Нар гарав. Монгол хүн сансарт нисэв. гэх мэт.

         б)  Ерийн  байдлаар захирсан өгүүлбэрийн эцэст мөн цэг тавина. Жишээлбэл: Хүү минь,   хичээлээ давт. Дараа нь хоолоо ид. гэх мэт.

          в)  Тооны тэмдгийн ард цэг тавьж дугаар гэсэн утгыг илэрхийлнэ.   Жишээлбэл: 1.Хичээл  (нэгдүгээр хичээл), 10. Бүлэг (аравдугаар бүлэг), 5. Дасгал   (тавдугаар  дасгал) гэх мэт.

          г)  Цэгийг үг хураасныг заахад хэрэглэнэ. Жишээлбэл: Д. Сүхбаатар, X.Чойбалсан, Г.Бумцэнд гэх мэт.

              Тэмдэглэх нь:

           Номын нэр, бүлэг гарчиг, албан газрын хаяг зэргийг том үсгээр эхэлж бичих боловч эцэст нь цэг тавихгүй.

§ 51. Асуултын тэмдэг ( ?  ):

а) Асуусан өгүүлбэрийн эцэст асуултын тэмдэг тавина. Хэрэв асуусан утгатай хэд хэдэн үг,өгүүлбэр дараалан орвол тэрхүү үгөгүүлбэр тус асуултын тэмдэг тавьж болох ба эсвэл өгүүлбэрийн хооронд таслал тавьж өгүүлбэрийн эцэст асуултын тэмдэг тавьж болно

Жишээлбэл: Энэ номыг та уншсан уу?Үгүй юү? Уншсан бол танд ямар санагдав? Энэ номыг та уншсан уу, үгүй юү, уншсан бол танд ямар санагдав? гэх мэт.

б)  Иш татсан зүйлд зарим нь эргэлзээтэй буюу бүрхэг санагдвал өгүүлбэр дотор асуултын тэмдгийг хаалтанд тавьж болно. Жишээлбэл: Доржийн хэлсэн нь: “Бэлчээрийн өвсний сөлтэй эсэхийг мэдэхийн тулд хэдэн ширхэг өвсийг шатааж үзэх хэрэгтэй. Өвс шатаад хар өнгөтэй  болбол сөлтэй байна. Хөх өнгөтэйөвс  (?) бол сөлгүй байна.” гэх мэт.

в)  Бусдын шууд асуусан үгийг өгүүлбэрийн дотор оруулан бичихэд мөн асуултын тэмдэг тавина. Жишээлбэл: Багш сурагчдаас “Хичээлээ бэлтгэсэн үү?“ гэж асуугаад сурагчдын бэлтгэсэн даалгаврыг шалгаж эхлэв. гэх мэт.

§ 52.   Анхаарлын тэмдэг (  !  ):

а) Сэтгэл ихэд хөдлөн хэлсэн (анхааруулах) өгүүлбэрийн эцэст анхаарлын тэмдэг тавина. Жишээлбэл: Онгоц ирлээ ээ! гэх мэт.

б) Сэтгэл ихэд хөдөлж хэлсэн хандсан үг, аялга үгийн дараа анхаарлын тэмдэг тавина. Жишээлбэл: Хүүхдүүд ээ! Ногоон гэрэл, цагаан гарцаар зам хөндлөн гарцгаая!

 § 53. Цуваа цэг (  ... ):

 а) Өгүүлбэр төгсөөгүй буюу өгүүлбрэийн дунд хэлэлгүй орхисон үгийн оронд цуваа цэгийг тавина. Жишээлбэл: Нэг хүн: Аливаа жүжиг юмыг урьд хар хумсны төдий гэж зүйрлэдэг байсан. Энэ зүйрлэл одоо… гээд хэлэх гэтэл нөгөө хүн:ж Тэр зүйрлэл хуучирчээ гэж хэлэв гэх мэт.

б) Үг өгүүлбэр төгссөн боловч зохиогч санаагаа бүрэн гаргаж чадаагүй дутуу орхисон гэж үзвэл цуваа цэгийг тавина. Жишээлбэл: Би чоныг хөөж явтал чоно жалга руу оров… гэх мэт.

в)  Мэгдэж түгдэрсэн буюу ээрч түдгэлзсэн газарт цуваа цэгийг тавина.   Жишээлбэл:  Юу ... юунд ... шатаах билээ. Миний бод ... бодвол эндхийн  ар ... ард  о ... олонд тар ... тарааж   өг… өгвөл зүй … зүйтэй гэж   хэлмэгц ... гэх мэт.

г)  Иш татсан зүйлд энд тэндээс орхисон бол тэр орхисон газрыг цуваа цэг тавьж тэмдэглэнэ. 

д)  Шүлгийн мөрүүдийг орхисон буюу үргэлжилсэн зохиолын том бүлэг, их хэсгийг орхисныг үзүүлэх гэвэл цуваа цэгийн оронд мөрлөсөн цэгийг тавина. |

 § 54 Давхар цэг (  : ):

а) Аливаа хүний хэлсэн үг, бодсон санаа зэргийг бичихдээ өмнө нь өгүүлэгч, бодогч эзний дараа давхар цэг тавиад уг хөндлөнгийн үгийг хашилтанд бичнэ. Жишээлбэл: Багш: ”Хичээлээ эхэлье” гэж сурагчдад хэлэв.

Давхар цэгийн дараа хашилтын оронд урт зураасыг хэрэглэж болно. Ингэвэл гол төлөв догол мөрөөс эхэлж бичнэ. Жишээлбэл: Багш:

    -Хичээлээ эхэлье гэж сурагчдад хэлэв.

б) Аливаа тоочин хэлэх зүйлийнөмнө хамтатгасан буюу угтсан утгатай (жишээ нь, жишээлбэл, тухайлбал, үлгэрлэвэл, нэрлэвэл зэрэг) Үг байвал давхар цэг тавина. Жишээлбэл: Шууд тусагдахуун авч чадах бүх үйл үгийг тусах үйл үг гэнэ. Жишээ нь: Би ном уншив. Бид таны морийг авчрав гэх мэт.

 § 55. Тасдал (  ,  ):

Таслал тавихгүй бол өгүүлбэрийн утга хувирах буюу бүрхэг болох газарт таслал заавал тавина. Таслалыг хэрэглэх нь:

а)  Зэрэгцсэн гишүүн хэд хэдэн үг, хоршоо үгээр бүтсэн бөгөөд таслал тавихгүй бол утга бүрхэгдмээр байвал хооронд нь таслал тавина. Жишээлбэл: Талд олон хонь, цөөн адуу,хэдэн үхэр бэлчиж байна. гэх мэт.

       Хэрэв зэрэгцсэн зарим гишүд нь нэг үгээр ба хэд хэдэн үгээр холилдон бүтсэн бол нэг үгээр бүтсэн зэрэгцсэн гишүүнийг таслалгүй бичиж болно.

 б)  Таслалыг урт өгүүлбэрийн хэсэглэн уншихын тул бичих ба бас нөхцөл үйл өгүүлэхүүн нь өмнөх хойдох аль үгэнд холбогдож байгааг харуулаын тул тавина. Жишээлбэл: Дарга  ирж, байгааг хүмүүсийг  хуралдуулав. Дарга - ирж байгаа хүмүүсийг хуралдуулав.  гэх мэт.

В) Зарим дэд гишүүн нь дараагийн үгэнд шууд холбогдохгүй нэг буюу хэдэн үгийг алгасаж өөр үгэнд холбогдох бол таслал тавина. Жишээлбэл: Өчигдөр, таны авчирсан номыг уншив. Өчигдөр таны авчирсан номыг уншив.

г)  Нийлмэл өгүүлбэрийн өгүүлэхүүн нь үйлт нэр буюу нэр үгийн аймгийн үг байвал дараах үгийн тодотгол мэт болох учир таслал тавина.  Жишээлбэл:    Танай хонийг  би өчигдөр  хариулсан, аав өнөөдөр хариулаад сая ирсэн, ээж маргааш хариулна. гэх мэт.

д)  Өгүүлбэрийн төгсөгүүлэхүүнийн дараа дэд гишүүн орвол хооронд нь таслал тавина.  Жишээлбэл: Би авлаа шүү,  энэ номыг чинь гэх мэт.

е)  Хандсан үг, оруулсан үг, аялга үгийг өгүүлбэрийн эхэнд бичвэл ард нь, дунд бичвэл хоёр талд нь, эцэст бичвэл өмнө нь таслал тавина.

 Жишээлбэл: Хөгшин ижий нь, бусдаас сонсоход,охиноо мөрөөдсөөр өвчтэй болох шахаж гэнэ. Охин нь, сээтгэнүүр гайхал, эхдээ нэг ч захидал бичээгүй хоёр жил боллоо. Би ногоотой хоолонд махнаас илүүдуртай, үнэнээ хэлэхэд гэх мэт.

       Таслалыг сайн бодож оновчтой тавихгүй бол өгүүлбэрийн утгыг тодорхой болгохгүй,харин ч, бүрхэг болгож таслал тавиагүй хоёр адилхан болно.Жишээлбэл: Дондог ууланд гарч жимс түүж яваад хүйтэн бороонд нэвт чичирч байгаа хүүхдийг үзэв гэсэн энэ өгүүбэрийн нөхцөл үйл үг бүрийн ард таслал тавивал дөрөв таван янзаар ойлгогдох болно. Хэрэв гарч гэдгийн ард таслал тавивал Дондог ууланд гарч яваад хүүхдийг үзсэн ба тэр хүүхэд жимс түүж яваад бороонд нороод чичирч байсан тухай өгүүлжээ.Энэ мэт таслалыг түүж яваад гэдэг үгийн дараа тавихад өөр утгатай болно. 

§ 56. Цэгтэй таслал( ;  ) хэрэглэх нь:

 а) Таслалтай олон зэрэгцсэн гишүүдийг утгаар нь ангилахын тулд цэгтэй таслал хэрэглэнэ. Жишээлбэл:  Ертөнц гэхэд: газар дээрх уул ус, шороо чулуу; хүн амьтан, мод ургамал, ан гөрөөс цөм орно.

 б) Өгүүлбэрийн зэрэгцсэн олон гишүүн нь тоо дугаартай боловч бүтэн өгүүлбэр биш байвал эцэст нь цэгтэй таслал тавина. Жишээлбэл: Орон сууц хөлслөн авагчид нь:

1.    Орон сууц ашигласны хөлсийг цаг тухайд нь төлөх,хэрэв гэрээнд өөрөөр заагаагүй бол орон сууцны хөлсийг сар тутам, дараа сарын арванаас хожимдуулахгүй төлөх;

2.     Орон сууцыг зохих зорилго гэрээний нөхцөлд зохицуулан ашиглах, эвдрэл гэмтэлгүй байлгах, орон сууц, нийтийн ашиглалтын ариун цэврийг сахих;

           3.  Орон сууцанд зайлшгүй шаардагдах бага засварыг цаг тухайд нь хийх;

в) Хэлбэрийн хувьд биеэ даасан өгүүлбэрүүд – утгын хувьд нягт холбоотой байвал хооронд нь цэгтэй таслал тавина.  Жишээлбэл: Манай аргал бороонд их норжээ; нар гараасай; аргал хатах сан.

§ 57. Хашилт (  «  »  “   ”  ) хэрэглэх нь:

а)  Шууд хэлсэн хөндлөнгийн үгийг хашилтанд хийнэ.

б)   Аливаа үгийг ерийн утгаар биш, онцлон заасан буюу егөөгдсөн утгаар хэрэглэвэл хашилтанд хийнэ. Жишээлбэл: Мөн ч “гавшгай” ажилладаг хүн байна даа. гэх мэт. Үүнд: “гавгай” гэсэн нь чухамдаа гавгай биш гэсэн утгыг илтгэжээ.

 в)  Ном зохиол, сонин сэтгүүл, онгоц хөлөг, үйлдвэр нэгдэл, албан байгууллага зэргийн болзож оноосон нэрийг их төлөв хашилтанд хийнэ.

            Тэмдэглэх нь:

1.    Дээр дурдсан зүйлийн ерийн нэрийг хашилтгүй бичнэ.

2.    Зохиолоын зүүлт ба номын бүртгэлд зохиолын нэрийг зохиогчийн нэрийн хойно хашилтгүй бичнэ.

3.    Олонд алдаршсан зарим ном сонин зэргийн оноосон нэрийг заримдаа хашилтгүй бичнэ. Жишээлбэл:  Монголын Нууц товчоо, Гэсэрийн тууж   гэх мэт.

§ 58.  Хаалт (  (   )   [   ]  ):

а)  Дүгрэг хаалт, дөрвөлжин хаалт гэсэн хоёр зүйлийн хаалт хэрэглэнэ. Өгүүлбэрийн дотор тайлбар тодорхойлолт нэмэлт ажиглалт зэрэг үгөгүүлбэрийг хаалт дотор бичнэ.

б)  Илтгэгчийн үгийг сонсогчид ямраар үзсэн, яасан тухай тэмдэглэлийг хаалтанд бичнэ.

 в)  Дүгрэг хаалтыг өмнөх үгийн тайлбар болгож хэрэглэдэг бол дөрвөлжин хаалтыг нэмэлт оруулга үгэнд хэрэглэнэ. Жишээлбэл: Гадаад  хэлийг гэнэт дайрч [хэдхэн   хоногийн дотор] сурахад хэцүү, харин тогтмол чармайвал суралцахад хялбар гэх мэт.

§ 59. Зураас (  -    --   ,-  ):

Богино зураас, урт зураас, таслалтай зураас гэж гурван янзын зураас хэрэглэнэ.

              Богино зураасыг хэрэглэх нь:

а) Үгийн хагасыг нөгөө мөрт шилжүүлэхэд мөрийн эцэст үлдсэн хагас үгийн оронд богино зураасыг тавина.

б) Олои хэрэглэдэг зарим үгийг эх адгийн үсгээр хураахад богино зураас тавина. Жишээлбэл: Доктор д-р, нөхөр н-р, 10-р гэх мэт.

§ 60. Урт зураасыг хэрэглэх нь:

а) Өгүүлэгдэхүүний илтгэцийн үүргээр хэрэглэнэ. Жишээлбэл: Багш Дорж--Дулам Зоригт нарт шинэ дуу заав. Говийн тэмээ адуу хонь ямаа--сарлагийг хараад үргэдэг юм. гэх мэт.

б) Өгүүлэгдэхүүн гишүүнөгүүлбэр илтгэцгүй байвал урт зураас тавина. Жишээлбэл: Зуны эд халуун цаг--долдугаар сар гарлаа. гэх мэт.

в)  Нийлмэл өгүүлбэрийн нэг нь нөгөөгийн шалтгаан үр дагавар нэмэлт дүгнэлт чанартай бол хооронд нь урт зураасыг тавьж болно. Жишээлбэл: Уулыг өндөр гэж бүү ай—давъя гэвэл давна. Усыг гүн гэж бүү ай—гаталъя гэвэл гатална.гэх мэт.

г)  Цаг, зай, тооны хязгаарыг нэрлэсэн хоёр үгийн хооронд урт зураасыг тавина.  Жишээлбэл: XV—XX зууны үе  (15-аас 20-р зууны үе), Улаанбаатар—Москва хүрэх зам (Улаанбаатараас Москва хүрэх зам) гэх мэт.

§ 61. Таслалтай зураасыг хэрэглэх нь:

       Зараа сохор номин зэрэг шавьж идэгчид; хэрэм минж туулай зэрэг мэрэгчид; чоно баавгай бар суусар зэрэг араатан; үхэр хонь ямаа буга гахай зэрэг ац туурайтан; морь илжиг зэрэг битүүтуурайтан,--цөм сүүн тэжээлт амьтан болно.

§ 62. Зүйлийн тэмдэг (  §  ):

        Дүрэм , заавар, ном зохиолд § гэсэн зүйлийн тэмдгийг хэрэглэнэ. Жишээлбэл: § 65 гэснийг 65-р зүйл гэж уншина. Эсвэл зүйл 65 гэж уншиж болно.

 § 63.  Дэс дарааллыг тэмдэглэх нь:

      Аливаа тоочсон зүйлийн дарааллыг тоогоор буюу цагаан толгойн үсгээр дугаарлаж болно. Хэд хэдэн давхар дарааллыг тэмдэглэхдээ эхлээд ром тоогоор, түүний доторх дарааллын тоог бичгээр мөн цифрээр, цагаан толгойн үсгийн дарааллаар тус тус дугаарлана. Ром тоог зөвхөн дэс дараалал заахад хэрэглэх бөгөөд цэггүй бичнэ. Жишээлбэл:  XX зуун, V бүлэг гэх мэт.

Дугаар гэсэн үгийн оронд номерын тэмдэг №-ийг хэрэглэж болно. Жишээлбэл: Энэ хүний иргэний үнэмлэх болбол 2003 олгосон №200301гэсэн номертой болно.

 



Comments

2013-04-12 -

Бичсэн: gerelmaa

ix saixan sanagdlaa




. Шууд холбоос


2012-05-13 - :)

Бичсэн: anujin (зочин)

yamr ih yum bichee ve гоё шүү

. Шууд холбоос



Бичлэг: 3 » Нийт: 26
Өмнөх | Дараагийн


Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

Нийслэлийн гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23-р бүрэн дунд сургуулийн багш Н.Золжаргал

Сүүлийн бичлэгүүд

. "Бийрийн бичлэгт суралцах нь"
. 9-р ангийн монгол хэлний төгсөх шалгалтын жишиг даалгавар
. МОНГОЛ ХЭЛНИЙ ЗӨВ БИЧИХ ДҮРМҮҮД
. Гишүүдээр зурах өгүүлбэрүүд
. "Хэрэглээний бичвэр"
. Эх хэлнийхээ арвин үгсийн сангаас............
. Дарaмын Батбаяр: “Харь хэлнээс орсон үйл үг нэг ч байхгүй”"
. Гадаад үгийг зөв хэлбэржүүлье
. Улаанбаатар хотын минь хаяг удахгүй Red hero болох нь уу?
. Өнөөгийн монгол хэл ийм болжээ. Гэхдээ.........
. Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх талаар Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа
. Монгол бичгийн төрлүүд
. Холбоо үгийн гайхамшиг - "сэтгэл"
. Хэлц үгсээс
. Оноогүй хэллэг, зохиогүй хүмүүнчлэл
. Монгол хэлний зөв бичих дүрмийн асуудлаар эрдэмтэд зөвлөлдлөө
. 9-р ангийн эх хэлний хичээлийн жишиг шалгалтын сэдвүүд
. Дашдоржийн Нацагдорж намтар, уран бүтээлээс
. Монгол уран бичлэгийн гайхамшигаас
. Монгол бичгийн соёл, түүx

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. ЦАХИМ БАГШ монгол хэлний дүрмүүд
. Монгол бичгийн сурах

Найзууд

Зохиогчийн эрх

© ЭХ ХЭЛ - БИЧИГ СОЁЛ МИНУ




:-)
 
xaax