Ангилал: Монгол хэл
Оноогүй хэллэг, зохиогүй хүмүүнчлэл
Л. Гомбожав (НСБ – 1990. №100)
Эх сайхан монгол хэл минь яндашгүй баялаг билээ. Түүний нэгэн илрэл бол амьтан, ан араатны үр төлийг өвөг дээдэс минь монгол үгээр оновчтой ялган нэрлэж, хойч үе бидэндээ уламжлуулснаас тодорхой.
Суүлийн үед хүүхэд залуучууд, ялангуяа хот сууриныхан эх хэлдээ нимгэн мэдлэг, хөнгөн ойлголтоор хандаж, амьтан, араатны үр төлийг нэг бол хүмүүнчлэн «хүүхэд» гэж, эсвэл ерөнхийлөн «зулзага» гэж хоёрхон янзаар хэлдэг болсон нь хачирхалтай.
Тухайлбал, арслангийн хүүхэд, хандгайн зулзага, үнэгний хүүхэд, зээрийн зулзага гэхчлэн зарим хүн хэлж ярьдаг нь гэм биш зан болжээ.
Монголын зохиолчдын VIII их хурал дээр хэлсэн үгэндээ яруу найрагч Т. Галсан «Хүүхэд» хэмээх үгийг оновчгүй хэрэглэх болсонд сэтгэл эмзэглэж явдгаа илэрхийлж, барим тавим жишээ дурдан шүүмжилсэн билээ. Үүнээс багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд санаа авч, уг гажгийг залруулах, хүүхэд залуучуудын эх хэлний мэдлэгийг дээшлүүлэх талаар урьдынхаас ахицтай ажил зохиосонгүй гэхэд дэгсдэхгүй буй за!
Амьтан, араатны үр зулзагыг гагцхүү хүүхэд хэмээн нэрлэх нь зөөлрүүлж хэлэхэд, хүмүүнчлэл мэт санагдавч чухамдаа хүн өөрийгөө басамжилж, эх хэлээ маруухан эзэмшсэний гэрч. Эрдэнэт хүмүүний удмын нэр – хүүхэд хэмээх эрхэм нандин үгийг адгуус амьтны төрелд хавтгайруулан хэрэглэх нь сэтгэлгээний хоцрогдол, ёсзүйн доголдлыг илтгэнэ. Энэ тухай үл өгүүлэн зарим амьтан, араатны үр төлийн монгол нэрийг толь бичиг болон ахмад анчдаас магадлан мэдсэнээ уншигчиддаа толилуулъя.
Амьтны нэр Үр төлийн нэр (ингэж нэрлэдэг)
1. Арслан Гүег
2. Аргаль Хурга
3. Алмас Бонго
4. Алагдаахай Чойров, ялман
5. Бар Бамбар
6. Баавгай Бамбарууш (бамбарш)
7. Буга Илий
8. Буяга Гөлөг, хойв
9. Бвр гөрөөс Янзага
10. Бүднэ (шувуу) Лөтнө, дэгдэнэ
11. Гахай Торой
12. Гургуул Цуравдай
13. Гүрвэл Үрвэл
14. Дорго Ханьс, хангис
15. Жирх Борх
16. Заан Тугал, бүлтэн
17. Зараа Бөөдий
18. Зээх Бөртөн
19. Имж (кенгуру) Сэмжин
20. Илжиг Дудран
21. Ирвэс Гүен
22. Мазаалай Алманцаг
23. Мануул, муур Ногоолой, манжуулай
24. Минж Дудрай
25. Мөрөг (загас) Мөгц
26. Нохой Гөлөг
27. Сармагчин Моньш, моньд, мониго
28. Солонго Дурган
29. Суусар Бүсрэг
30. Тахиа Цурвага, цурвага, дэгдээхэй
31. Тарвага Мөндөл
32. Тул (загас) Тулбага
33. Туулай, чандага Бүжин
34. Үнэг Гавар
35. Хандгай Хотол (ходол)
36. Хар сүүлт (зээр) Янзага
37. Хавтгай Ботго
38. Халиу Бор
39. Хулан, тахь Унага
40. Хулгана, зурам Гөлчгий, бөлбөөхий
41. Хүрнэ (өмхий) Сөдгий (сөрс)
42. Хүдэр Шовшуур (шовшоорой)
43. Хярс Зөнжиг
44. Хэрэм Хорилдой, хувдай
45. Цаа (буга) Хугаш
46. Цагаан зээр Янзага
47. Чоно Бэлтрэг
48. Шилүүс Ногуул, нэгүүл
49. Могой Зогой, хувилгана
50. Янгир Ишиг
51. Бүргэд Цагцгай