Ангилал: Мэдээ мэдээлэл
Би өглөө ажилдаа гарахдаа тав алхаад л сэтгэлээр унах юм. Сайхан монгол хэлээр минь хаяг цөөхөн болжээ. Уул нь аливаа зүйлийн нэр алдар хэмээх нь түүний мөн чанарыг илтгэж байдаг чухал ухагдахуун билээ. Тэгээд автобусаар ажлын зүг явахдаа цонхоор байгууллагуудын хаягийг харж явна. Тэр дундаа монгол бичгээрээ байгаа хаягийг хуруу даран тоолдог. За миний өдөр тутам явдаг замаар Улсын их дэлгүүр, Өргөө кино театр, 25-р дэлгүүрийн урд Төгс ялгуун эмнэлэг, хааяа нэг зарын самбарууд дээр л монгол бичгээр хаягаа тавьсан байдаг нь гарын 10хан хуруунд багтаж байх юм эмгэнэл ч гэмээр. За монгол бичгээрээ үгүй юмаа гээд бодохоор Ц.Дамдинсүрэнгуайн 1941 онд боловсруулсан бидний нийтээр хэрэглэдэг шинэ үсгээрх хаяг мөн л цөөрөөд байх шиг... Тэр ч байтугай монгол үгээрх хаяг цөөрч байна шүү. Удахгүй Улаанбаатар хот руу орж ирэхэд Улаанбаатарт тавтай морил гэх бус welcome to Red hero гэмээр болжээ. Монголчууд аа! Залуус аа! Хүүхдүүд ээ! Монгол хэл бичгээ дээдэлье. Бид Англи бус Монгол хүмүүс шүү дээ. Монголоороо ярьж, монголоороо бичиж, монголоороо сэтгэцгээе л дээ.