Ангилал: Мэдээ мэдээлэл
Аливаа хэлний үгийн сан бүтээх, үйлдэх хоёр үйл ажиллагааны үр дүнд баяжиж байна. Шинэ эд агуурс нэр үгийг баяжуулж аривжуулж, шинэ үйлдэл үйл үгийг арвижуулна. Монгол хэлний үгийн сан яндашгүй баян үйл үгтэй. Энэ арвин баялаг үйл үгийг мохошгүй зоригт элэнц хуланц маань мянга мянган оныг дамжин нүүсэн амьдралаараа ертөнцийн бүх хуурай газрын дийлэнх хувийг хоёр удаа байлдан дагуулсан их үйлсээрээ буй болгосон юм. Энэ бүх үйл үгийн манлай нь дийлэх гэдэг үйл үг. Дйилэх хэмээх үйл үгийн хүчин дор ертөнцийн тансаг сайхан нэр үгсийг хурааж авчирсан юм. Тийм ч учраас монгол хэлний үгийн санд хятад, орос, перс, араб, гэрэг, латин, самгард, төвд хэлний нэр үгс олон арваараа бий. Харин харь хэлнээс орсон үйл үг нэг ч байхгүй гэхэд хилсдэхгүй. Тэр ч бүү хэл, сүүлийн 280 жилд монголчуудын эв эвдэрч, хийморь доройтон, манж, оросын хараа хяналтанд орж, дайчин омгоо далд хийсэн бэрх он жилүүдэд ч харь хэлний үйл үг монгол хэлний үгийн санд нэвтэрч чадаагүй юм. Энэ бол монголчуудын оюуны хуяг үлэмж бат байсны гэрч. Харь хэлнээс орж ирсэн нэр үгс нь хүртэл монгол хэлний авиан зүйн зарчимд захирагдан монголжиж, монголжсон тэрхүү нэр үгнээс үүссэн үйл үг нь ч мөн ялгаагүй монгол хэлний үйл үгийн бүтэх зарчмаар бүтдэг байсан учраас язгуур нь танигдахын аргагүй болчихсон байдаг аж. Нөгөө талаас монгол хэлний үйл үгийн сан хариас үг авахааргүй баян баялаг юм. Ийм их арвин үйл үгийн сантай болсны шалтгаан бол ямарт үйлийг үйлдсэний, олон янзын хувилбараар үйлдсэний үр дүн.” Д.Батбаяр, “Мөнхөөр савласан мөнх бус” номын 75-76 дугаар хуудас